2025 оны 09 дүгээр сарын 25 өдөр
Сэлбэ хотын 8,565 айл зэс хоолойгоор хэрэглээний усаа хангана.
Зэс хоолойгоор хийсэн усны шугам хамгийн сайн, эрүүл, баталгаатай гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг. Учир нь нян, вирусийн эсрэг хамгийн хүчирхэг үйлчилгээтэй элемент бол зэс юм.
Герман, Австри, Швейцар зэрэг улсууд зэс хоолойг 1950-аад оноос хойш өргөн хэрэглэж, стандарт тогтоон усанд агуулагдах зэсийн хэмжээг ч нарийн тодорхойлжээ. Мөн хамгийн тод жишээ болох Швед улс 1930-аад оноос эхлэн ундны усны дотоод шугам хоолойд зэсийг өргөнөөр ашиглаж эхэлсэн. Зэсийн бат бөх чанар, зэврэлтэд тэсвэртэй байдал нь тухайн үед хамгийн найдвартай сонголт байсан гэдэг. Түүнчлэн ундны усны хүчиллэг, шүлтлэг байдал нь зэсийн агууламжтай урвалд орох чанарыг ч нарийн тооцож тохируулсан байдаг.
Харин Ази тивийн хувьд өндөр зэрэглэлийн барилга, зочид буудал, эмнэлэгт л түлхүү хэрэглэдэг байна. Учир нь өртөг өндөр, нарийн ур чадвартай мэргэжилтнүүд шаардагддаг зэрэг шалтгаанууд нөлөөлдөг байжээ.
Зэс хоолой нь уян хатан чанартай, зэврэлтэд тэсвэртэй, дахин боловсруулагдах боломжтой бөгөөд гайхалтай дулаан, цахилгаан дамжуулагч юм. Цаашлаад 50–100 жил хүртэл ашиглах боломжтой, нян, биологийн хальс (biofilm) тогтох магадлал маш бага, засвар үйлчилгээний зардал багатай, дахин боловсруулалт хийх бүрэн боломжтой, байгальд ээлтэй гэх мэт давуу талтай.
Тэгвэл Монгол улсад анх удаа хамгийн олон айлыг зэс хоолойгоор холбох ажлыг Сэлбэ 20 минут хот корпорац ХХК эхлүүлж байна. Сэлбэ хотын 113 блок орон сууцны ундны усыг зэс хоолойгоор дамжуулснаар бактеригүй, урт хугацааны эдэлгээтэй, эрүүл мэндэд огт сөрөг нөлөөгүй хэрэглээг бий болгох юм.
Монгол улс 2022 оны хагас жилийн судалгаагаар 30 орчим орд, 200 гаруй илрэл бүхий 61.4 сая тонн зэсийн металл нөөц бүртгэгдсэн байдаг. Зэсийн томоохон нөөц бүхий ордуудаас ердөө нэгийг жишээ татахад Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдрийн нөөц нь 3.39 тэрбум тонн бөгөөд 55 жил ашиглах боломжтой гэдэг.
Энэхүү нөөцийг хот төлөвлөлтийн шинэ чиг хандлага бүхий бүтээн байгуулалтад ашиглаж, зөв зохистой хэрэглэснээр ундны усны шугам сүлжээг бүрэн хангаад зогсохгүй эх орныхоо баялгийг дотооддоо үлдээх бүрэн боломжтой юм.
