2025 оны 09 дүгээр сарын 30 өдөр
Хүн төрөлхтөн өндөр хурдны интернэт, дуу авианаас ч хурдан онгоц, метро, гүүр, нүхэн гарц гэх мэт дуу алдуулам гайхалтай бүтээн байгуулалтуудыг ар араас нь хийсээр байна. Үүнээс хоцрохгүйгээр дэлхийн жишигт нийцсэн боловсрол, ур чадварт хүрэхийн тулд монголчууд ч тасралтгүй суралцаж, мэрийж байгаа нь үнэн. Гэхдээ хөгжилд хүрэх нь дан ганц биднээс бус амьдарч буй хот, хүрээлэн буй орчноос ихээхэн хамаарах юм.
Бид 20 жилийн өмнө 20-р зууны хэв маягтай нийслэл хотод аж төрдөг байв. ЗХУ-ын зөвлөгөө, туршлага дээр үндэслэсэн тоосгон барилгууд, усан оргилуур, цэцэрлэгт хүрээлэн маягийн тохижилтууд гэх мэт сэтгэлд дулаахан орчинтой байжээ. Гэвч он цаг улиран өнгөрөхийн хэрээр эдгээр нь хоцрогдож, нийслэл хотдоо шинэчлэл, шинэ дэд бүтэц хийх хэрэгцээ шаардлага бий болов. Мөн тэр үед авто замын сүлжээ ч төдийлөн хөгжөөгүй, явсан зам бүр дөрвөн замын уулзвартай огтлолцож түгжирдэг байв.
Түүнээс 10 жилийн дараа гэхэд барилга бүтээн байгуулалтын өөр түүх эхэлж, орон сууцны томоохон хотхон хорооллууд, шилэн барилга, үйлчилгээний төвүүд сүндэрлэсэн. Ингэснээр суурьшилт нэмэгдэж, түүнийг дагасан бүх төрлийн хэрэглээний эрэлт ч үүслээ. Энэ нь биднийг Алтан тэвшийн хөндийдөө багтахгүй болоход хүргэсэн юм. Авто машины тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, орон сууцны хороолол ихсэх тусам хэрэглээний ус, цахилгаан, дулаан хангамж, ногоон орчин, зогсоол, үйлчилгээний төвүүд хомсдож эхлэв. Харин нөгөө талд агаарын бохирдол, түгжрэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөж байлаа.
Энэ бүх асуудлууд иргэдийг бухимдуулж цоо шинэ шаардлагыг гаргаж ирсэн юм. Тэр бол эмх замбараагүй газар олголт, гэр хорооллыг шинээр дахин төлөвлөх ажил байлаа.
Хотыг дэд төвүүдэд хувааж, төвлөрлийг сийрүүлэх төлөвлөгөөг бодит ажил болгохоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 08 тоот тогтоолоор “20 минутын хот Үндэсний хороо”-г байгуулсан. Үндэсний хороо нь чиг үүргийн хүрээнд Сэлбэ дэд төвийг шинээр байгуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Улмаар гэр хорооллын бүсийг дахин шинээр төлөвлөж, шинэ хот барих түүхэн ажил эхэлсэн. Түүхэн ажил гэж тодотгосны учир нь, 1960-аад оноос хойш ийм хэмжээний бүтээн байгуулалт нийслэлийн хэмжээнд өрнөөгүй юм. Тэр үед 3, 4-р хорооллыг барилгажуулж, ёстой л хүмүүсийн хөлс урсаж хөдөлмөр ундарч байсан.

Яг үүний адилаар хэмжээний хувьд харьцангуй том “Сэлбэ хорин минутын хот” төслийг нийслэлээс хэрэгжүүлэх 24 мега төсөлд багтааж, “Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК хариуцан гүйцэтгэж байна.
Сэлбэ хот нь 158 га талбайг хамарсан 113 блок бүхий 8,565 айлын орон сууцны хороололтой байх юм. Гэр хорооллын талбайг чөлөөлж дахин төлөвлөснөөр 15,600 орчим янданг буулгаж, агаарын бохирдлыг мэдэгдэхүйц буюу 22 хувь, замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулахаар зорьж байгаа аж.
Мөн “Орон сууцны хороолол төвлөрч байхад түгжрэл буурахгүй л болов уу” гэсэн жиг жуг яриа ч газар авч байлаа.

Харин зуслангийн төв замтай бусад замуудыг огтлолцохгүй байхаар буюу дублёр замаар шийдэх төлөвлөгөөг Нэгдсэн төслийн удирдлагын газрын Судалгаа шинжилгээний хэлтсээс гаргасан байна. Ингэснээр олон түвшний уулзвар, гүүр, нүхэн гарцаар зорчиж төв замын ачааллыг бууруулах аж.
Анх газар чөлөөлж эхлэх үед иргэд тийм ч дуртай биш байв.
Олны хэлдгээр 6,7-н буудал орчим тэр чигтээ шахам эзгүйрч нүдэн дээр хоосон газар болж хувирлаа. Үүнийг иргэд анхандаа буруутгахдаа буруутгаж, зэмлэхдээ зэмлэж байсан нь нууц биш. Харин 45,600 гаруй хүн амд зориулсан томоохон дэд бүтцийг танилцуулж, үзвэр, үйлчилгээ бүрэн төвлөрсөн “хот” бүтээх их ажил эхэлснийг сонсоод алга ташин хүлээж авсан юм. Учир нь нийгэмд хамгийн чухал байсан бүтээн байгуулалт биеллээ олсон нь тэр байлаа.

Сэлбэ дэд төвийн барилгажилтын ажил өнөөдөр олон нийтэд нээлттэй үргэлжилж, орчин үеийн чиг хандлага бүхий цоо шинэ хоттой болох бүтээн байгуулалт өдөр бүр өрнөсөөр байгаа. Энэхүү төслийн бүтээн байгуулалтад дотоодын аж ахуй нэгж, барилгын компаниуд мөн гар бие оролцож байна. Хоёрдугаар ээлжийн орон сууцжуулах тендерт дотоодын дөрвөн компани шалгарч барилгын ажлаа ч эхлүүлсэн.

Мэдээж шууд л иргэдийн газрыг чөлөөлж, нүүлгэж орхиод орон сууц барьж байна гэж харах нь өрөөсгөл. Зөвхөн орон сууц биш улсын сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний байгууллага, кино театр, төрийн үйлчилгээ, хувийн хэвшилтэй хамтарсан чөлөөт бүс гэх мэт хотод байвал зохих бүх л зүйлийг төлөвлөж, түүнийгээ байгуулж байна.
Энэ мэтчилэн монголчууд хот төлөвлөлтийн шинэ түүхээ өөрсдийн гараар бичиж байна. Ирээдүйдээ үлдээх үнэт зүйл бол мэдлэг боловсролоос гадна хүрээлэн буй орчин, эрүүл, зөв нийгэм юм. Энэ нийгмийн бүтээхийн төлөө өнгөрсөн жилүүдийн дутуу орхисон ажлаа гүйцээх мэт дахин төлөвлөлт өрнүүлж буй нь сайшаалтай.
Хорин нэгдүгээр зуунд амьдарч буй монголчууд нийслэл хотоо дэлхийн жишигт хүргэж, түүнээс ч цааш үргэлжлэх хөгжлийн замаа засаж байгаагийн эхлэл нь энэхүү бүтээн байгуулалт гэж тодорхойлоход хилсдэхгүй болов уу.
Сэтгүүлч А.Сайханбаяр
